ЗГХЭГ-ын чиглэл хэрэгжсэн эсэх анхаарал татаж, ШШГЕГ-т халаа сэлгээ үргэлжилж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) болон хууль сахиулах байгууллагуудтай холбоотой хууль бус үйл ажиллагаа, авлига хээл хахуулийн шинжтэй гэх мэдээлэл олон нийтэд гараад байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн.
Мөн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг есдүгээр сарын 16-нд мэдээлэл хийх үеэрээ ШШГЕГ-ын дарга А.Намсаманд болон түүнтэй хамт мэдээлэл хийсэн албан тушаалтнуудыг чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн талаар мэдэгдсэн байдаг.
Гэвч уг чиглэл бодитоор хэрэгжсэн эсэх, А.Намсаманд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн эсэх асуудал анхаарал татсаар байна. Учир нь тэрээр ШШГЕГ-ын даргын хувиар байгууллагын хэмжээнд томилгоо, халаа сэлгээ хийх шийдвэр гаргасаар байгаа гэх мэдээлэл байна.
Тухайлбал, 461 дүгээр хорих ангийн даргыг сольж, тус албан тушаалд Ц.Амгаланбаярыг томилсон гэх мэдээлэл байна.
Үүнээс гадна 409 дүгээр хорих ангийн камерын бичлэг устсан, рапортын мэдээлэлд өөрчлөлт орсон байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирсэн. Эдгээр мэдээлэл нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй бөгөөд холбогдох байгууллагуудын тайлбар болон шалгалтын дүнгээр тодорхой болох шаардлагатай.
Мөн хоригдлуудаар тансаг зэрэглэлийн хаус бариулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор нотлох баримтыг устгасан эсэх асуудал яригдаж байна. Хэрэв ийм үйлдэл гарсан нь тогтоогдвол хууль сахиулах байгууллагын дотоод хяналт, албан тушаалтны хариуцлагатай холбоотой ноцтой асуудал үүсэх юм.
Тиймээс Ерөнхий сайдын өгсөн гэх чөлөөлөх чиглэл яагаад хэрэгжихгүй байгаа, А.Намсамандын албан тушаалын статус ямар байгаа, мөн ШШГЕГ-т хийгдэж буй томилгоо, халаа сэлгээ ямар үндэслэлтэй байгаа талаар Засгийн газар болон холбогдох байгууллагууд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай байна.
Эцэст нь, дээрх асуудлаар гарч буй мэдээллүүдийн үнэн зөвийг холбогдох байгууллагын шалгалт, албан ёсны шийдвэрээр тогтоох нь зүйтэй.