Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэр Монгол Улсад хар тамхины хэрэглээ, гэмт хэргийн нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрснийг онцоллоо.
Тэрбээр хар тамхины хэрэглээнд хүүхэд, залуус олноороо өртөж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын чадавх суларсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Мөн хар тамхитай тэмцэх чиглэлээр шаардлагатай тоног төхөөрөмж, тэр дундаа илрүүлэх тестийн хүрэлцээ хангалтгүй байсан талаар дурдсан байна.
С.Амарсайхан Монгол Улс өмнө нь хар тамхины дамжин өнгөрөх чиглэлд байсан бол өнөөдөр хэрэглэгч орон болж, цаашид үйлдвэрлэгч болгох эрсдэлтэй тулгарч байгааг анхааруулав.
Түүнчлэн хар тамхитай холбоотой гэмт хэргийн цаана улс төрд нөлөө бүхий хүмүүс, зарим аж ахуйн нэгжийн удирдлагууд, урлаг соёлын салбарын төлөөлөл болон төрийн өмчит компанийн захирлууд байж болзошгүй талаар мэдэгдлээ.
Тэрбээр зарим хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, хэргийг нуун дарагдуулах оролдлого гардаг гэх байр суурийг мөн илэрхийлсэн байна.