“Mongolia” нэрийн дор хэн оролцож байна вэ? Miss Grand International 2026-тэй холбоотой асуудал хөндөгдлөө
Монгол Мэдээ

“Mongolia” нэрийн дор хэн оролцож байна вэ? Miss Grand International 2026-тэй холбоотой асуудал хөндөгдлөө

Улаанбаатар. Miss Grand International 2026 олон улсын тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа болон “Mongolia” гэсэн туузтайгаар танилцуулсан асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.

Одоогоор олон нийтэд ил болсон мэдээллээр тухайн оролцогч Монгол Улсыг төлөөлөх эрхийг ямар үндэслэлээр авсан, Монгол Улсын иргэн эсэх, ямар сонгон шалгаруулалтаар шалгарсан, мөн Монгол дахь Miss Grand International-ийн National Director болон лиценз эзэмшигч нь хэн болох талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой бус байна.

Энэ асуудлаар ANDRA Academy-ийн үүсгэн байгуулагч, Монголын гоо сайхан, загварын салбарт олон жил ажилласан мэргэжилтэн, олон улсын тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн ментор Miss Grand International байгууллагад албан шаардлага хүргүүлсэн байна.

Ямар мэдээлэл, тайлбар шаардсан бэ?

Тус шаардлагад дараах асуудлыг тодруулахыг хүссэн байна. Үүнд:

  • Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэхээр бүртгэсэн албан ёсны болон гэрээний үндэслэл;
  • Түүний Монгол Улстай холбоотой иргэншил, оршин суух эрх болон бусад хууль ёсны үндэслэл;
  • Монголын National Director болон лиценз эзэмшигч байгууллагын нэр, эрхийн хугацаа, хамрах хүрээ;
  • Төлөөлөгчийг сонгон шалгаруулсан журам, шалгуур;
  • Дээрх асуудлыг тодруулах хүртэл “Mongolia” нэр, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” туузыг ашиглаж байгаа нөхцөл;
  • Хэрэв бүртгэлд зөрчил илэрвэл цаашид авах арга хэмжээ болон албан ёсны тайлбар.

Мөн шаардлагад Miss Grand International байгууллагаас холбогдох баримт, тайлбарыг ажлын таван өдрийн дотор албан ёсоор ирүүлэхийг хүссэн байна.

Тус байгууллага шаардлагыг хүлээн авснаа баталгаажуулсан бөгөөд цаашдын хариу, баримт нотолгоо нь уг асуудлыг тодруулахад чухал ач холбогдолтой юм.

“Mongolia” нэрийг ашиглах асуудал

Энэ асуудал зөвхөн нэг оролцогчийн тухай маргаанаар хязгаарлагдахгүйгээр, олон улсын гоо сайхны тэмцээнд улс орны нэр, төрийн далбаа болон үндэсний төлөөллийн эрхийг ямар журмаар ашигладаг талаарх асуудлыг мөн хөндөж байна.

Монгол Улсыг олон улсын тэмцээнд төлөөлөх эрхийг хэн олгодог, үндэсний тэмцээний лицензийг ямар байгууллага эзэмшдэг, National Director-ийг хэрхэн томилдог, төлөөлөгчийг ямар шалгуураар сонгодог зэрэг мэдээлэл олон нийтэд ил тод байх шаардлагатай эсэх асуудал мөн яригдаж байна.

Монголын гоо сайхан, загварын салбарын төлөөлөгчдийн зүгээс олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохдоо хувийн болон байгууллагын нөөцөөр ажиллаж ирдэг ч төрийн байгууллагын зүгээс энэ чиглэлд эрх зүйн хамгаалалт, бүртгэл, бодлогын дэмжлэг хангалттай эсэх асуудлыг ч давхар анхаарах шаардлагатайг онцолж байна.

Уг асуудлыг санаачлагч тал Монгол Улсын нэр, төрийн далбаа болон үндэсний төлөөллийн эрхийг олон улсын тэмцээнд ашиглахтай холбоотой нэгдсэн бодлого, бүртгэл, хяналт, хариуцлагын тогтолцоо шаардлагатай гэж үзэж байна.

Хэрэв тухайн оролцогчийг Монгол Улсыг төлөөлүүлэх эрх олгосон албан ёсны журам, гэрээ, лицензийн үндэслэл байгаа бол түүнийг ил тод болгох нь маргааныг бодит баримтаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Харин шаардлагатай эрх, зөвшөөрөлгүйгээр улсын нэр, төрийн бэлгэдлийг ашигласан нь тогтоогдвол холбогдох байгууллага, зохион байгуулагчийн зүгээс ямар арга хэмжээ авах асуудал мөн тодорхой болох юм.

Иймээс уг асуудлыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, эрх зүйн хүрээнд тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Эцсийн дүгнэлт гарахаас өмнө тухайн оролцогчийн иргэншил, тэмцээнд оролцох эрх, лиценз эзэмшигч болон зохион байгуулагчийн хоорондын гэрээ, сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг албан ёсны баримтаар нягтлах нь чухал юм.

Монгол Улсын нэр, төрийн бэлгэдлийг олон улсын тавцанд ашиглахтай холбоотой асуудал тодорхой, ил тод, баримтад тулгуурласан зохицуулалттай байх шаардлагатай гэдэг асуудал ийнхүү дахин хөндөгдөж байна.

мэдээ таалагдсан бол лайк дараарай