Тэрбээр “Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн 26 аманд газар ашиглалтын нөхцөл байдлыг шалгаж байна. Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй COP17 хурлаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ариг гамтай ашиглах талаар хэлэлцэгдэж байна. Энэ үед бид хотынхоо ногоон байгууламж, ойн санг хайрлах хэрэгтэй. Улаанбаатар хотьн нэг иргэнд 5.9 ам метр ногоон байгууламж ногддог нь олон улсын дунджаас бага үзүүлэлт. Иймд хотын ойн сан, зуслангийн бүсэд зориулалтын бусаар олгосон газруудын зөрчлийг арилгана. Ойн сан бүхий газарт 11 мянга гаруй нэгж талбарт газар олгосон байна. Үүнээс иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөлгүй барилга, хашаа барьсан, мод сүйтгэж барилга барьсан зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын зөвшөөрлийг цуцалж байна.
Улаанбаатар хотын ногоон бүс цөөн хүний эзэмшил бус, нийт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын чанарыг хамгаалдаг хотын амин чухал нөөц. Энэ нөөцөө хамгаалах ёстой. Иргэд ногоон бүсэд чөлөөтэй нэвтэрч, алхаж, аялж, зугаалах боломжтой байх ёстой. Энэ бол хэн нэгний хууль ёсны өмч, эзэмших эрхэд халдаж байгаа асуудал бус зөвшөөрөлгүй тэлсэн хашааг буулгаж, нийтийн зам, орц, гарцыг нээж, ойн сан болон усны эх үүсвэрийг хамгаалах, хууль бус газар ашиглалтыг цэгцлэх ажил гэдгийг ойлгоорой.
Чөлөөлсөн газрыг дахин хашаалж, зориулалтын бусаар ашиглуулахгүй. Харин тус байршлуудад явган зам, ногоон зурвас, галын хамгаалалтын зурвас бий болгож, байгаль орчны даацад нийцсэн, иргэдэд нээлттэй, аюулгүй, хүртээмжтэй амралт, аяллын орчин бүрдүүлэх боломжийг судална. Үүнийг оршин суугчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлнэ” гэв.