УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН “МОНОПОЛ” СУРГАЛТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШУЛЖ, ДЭВШИХ ЗАМЫГ НЬ БООСООР БАЙХ УУ?
Төрийн албыг чадавхижуулах, мэдлэгтэй, мэргэшсэн төрийн албан хаагчдыг бэлтгэх зорилготой Төрийн албаны тухай хууль болон ажлын байрны тодорхойлолт өнөөдөр жирийн нэгэн албан хаагчийн хувьд дэвших боломжийг хаасан “асар том цоож” болон хувирчээ. Тэрхүү цоожны түлхүүр нь ганцхан Удирдлагын академид хадгалагдаж байна.
Төрийн албан хаагч мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх нь мэдээж зөв. Гэхдээ асуудал нь төрийн албанд ажиллаж байгаа хүн заавал нэг л байгууллагын тогтоосон сургалтын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар дүүргэж байж дараагийн шатны албан тушаалд очдог тогтолцоо бий болсон явдал юм.
2017 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, 2019 оноос хэрэгжүүлснээр төрийн албанд чадахуйн буюу мерит зарчим, албан тушаалд тавигдах шаардлага, шатлан дэвших, шилжих, сэлгэн ажиллах тогтолцоог шинэчлэн зохицуулсан.
Гэтэл энэ шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх тогтолцоо хэрхэн бүрдсэн бэ гэдэг асуулт зайлшгүй тавигдана.
2017 оны хуулийн шинэчлэлийн дараа Удирдлагын академийн сургалтын тогтолцоо мөн үндсэндээ шинэчлэгдэж, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлтэй уялдсан дипломын дараах мэргэшүүлэх сургалтуудыг хэрэгжүүлэх эрх, чиг үүргийг Академийн дүрмээр тодорхой болгосон байдаг.
Өнөөдөр Удирдлагын академийн дүрэмд шинээр томилогдсон төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, ахлах, эрхэлсэн, тэргүүн түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтууд тусгайлан заагдсан байна.
Эндээс хамгийн энгийн боловч маш чухал асуулт гарч ирнэ.
Яагаад төрийн албан хаагчийн мэргэшсэн эсэхийг заавал ганцхан байгууллагын сургалтаар хэмжих ёстой гэж?
Дөрвөн жил үндсэн мэргэжлээрээ их, дээд сургууль төгссөн, цаашлаад магистр, докторын зэрэг хамгаалсан хүн төрийн албанд орж ажиллаж байна. Тухайн хүн салбартаа 5, 10, бүр 15 жил ажиллаж, бодит ажлын туршлага хуримтлуулсан байж болно.
Гэтэл ийм хүнийг “чи дараагийн шатны албан тушаалд очихын тулд эхлээд заавал энэ сургалтад, дараа нь тэр сургалтад суусан байх ёстой” гэж зөвхөн нэг байгууллагын сургалтын сертификатаар хэмжих нь мерит зарчим мөн үү?
Эсрэгээрээ, тухайн хүний эзэмшсэн мэргэжил, магистр, докторын боловсрол, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүн, төрийн албанд ажилласан хугацаа зэрэг бодит шалгуур нь илүү чухал байх ёстой биш гэж үү?
“Мэргэшил” гэдэг ганцхан газрын гэрчилгээ биш
Төрийн албан хаагчийг сургаж хөгжүүлэхийг бид эсэргүүцэхгүй. Харин сургах нэрийн дор сонголтыг хааж, нэг байгууллагын сургалтыг албан тушаал ахих заавал нөхцөл болгохыг эсэргүүцэж байна.
Дэлхийн олон оронд төрийн албан хаагчийн мэргэшлийг зөвхөн нэг сургуулийн гэрчилгээгээр бус, тухайн хүний боловсрол, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийн сургалт, ажлын гүйцэтгэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлдэг.
Тэгвэл Монголд яагаад заавал нэг байгууллагын тогтолцоонд төрийн албан хаагчийг уяж өгөх ёстой гэж?
Төрийн албан хаагчийг хөгжүүлэх сургалтыг Удирдлагын академи зохион байгуулж болно. Гэхдээ бусад их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллага, олон улсын байгууллага, салбарын мэргэшсэн байгууллагуудын сургалтыг ижил шалгуураар хүлээн зөвшөөрдөг нээлттэй, өрсөлдөөнт тогтолцоо байж яагаад болохгүй гэж?
2017 оны Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн боловсруулах, батлуулах үйл явцад төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог хэрхэн хуульчилсан, үүнд Удирдлагын академийн удирдлага, багш, судлаачид ямар хэмжээнд оролцсон, ямар санал, төсөл боловсруулсан талаарх мэдээлэл ил тод байх ёстой.
Учир нь төрийн албан хаагчдыг сургах эрх, үүрэг болон тодорхой сургалтын шаардлагыг нэг байгууллагын давуу байдалтай холбосон бол энэ нь зүгээр нэг сургалтын асуудал биш. Төрийн хүний нөөцийн бодлого, өрсөлдөөн, төрийн албан хаагчийн карьераа ахиулах эрхтэй шууд холбоотой асуудал юм.
Тиймээс “2017 оны хуулийн шинэчлэлээр Удирдлагын академид өөрийнх нь сургалтын тогтолцоонд давуу байр суурь бий болгох эрх зүйн орчин бүрдсэн үү?”, “Хуулийн төсөл боловсруулах явцад ашиг сонирхлын зөрчил байсан уу?”, “Хэн ямар санал гаргаж, ямар үндэслэлээр батлагдсан бэ?” гэдгийг баримтаар нягтлан шалгах шаардлагатай.
Энэ бол хэн нэгнийг буруутгах тухай асуудал биш. Хуулийн бодлого боловсруулах үйл явц өөрөө хэр ил тод, шударга байсан бэ гэдгийг асууж байгаа хэрэг.Төрийн мөнгө байхгүй бол шаардлагаа зогсоох уу, эсвэл сонголтыг нь нээх үү?
Өнөөдөр төрийн байгууллагуудын сургалт, хөгжлийн төсөв хязгаарлагдсан нөхцөлд төрийн албан хаагч өөрийн мөнгөөр өндөр төлбөр төлж, заавал шаардлагатай сургалтад суух нөхцөл үүсэж байна.
Нэг талаас төр “чи энэ сургалтад заавал суусан байх ёстой” гэж шаарддаг. Нөгөө талаас төр “чамайг сургах төсөв алга” гэдэг. Тэгвэл төрийн албан хаагч яах вэ?
Ажлаа хийж, гэр бүлээ тэжээхийн хажуугаар өөрийн халааснаас их хэмжээний мөнгө гаргаж, зөвхөн ажлын байраа хадгалах, цаашид дэвших эрхээ алдахгүйн тулд сургалтад суух уу?
Энэ бол сургалтын асуудлаас давсан нийгмийн шударга ёс, төрийн албаны тэгш боломжийн асуудал юм.
Гарц нь юу вэ?
Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн мэргэшлийг зөвхөн нэг байгууллагын сертификатаар хэмждэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
Хоёрдугаарт, ижил түвшний агуулга, чанарын шаардлага хангасан сургалтыг магадлан итгэмжлэх, хүлээн зөвшөөрөх өрсөлдөөнт тогтолцоо бий болгох хэрэгтэй.
Гуравдугаарт, магистр, докторын зэрэг, мэргэжлийн сертификат, ажлын туршлага, мэргэшсэн байдал болон ажлын гүйцэтгэлийг сургалтын шаардлагатай уялдуулан тооцдог болох шаардлагатай.
Дөрөвдүгээрт, төрөөс заавал шаардсан сургалтын төлбөрийг төр өөрөө санхүүжүүлэх, эсхүл төрийн албан хаагчид сонголттойгоор өөрийн зардлаар дүйцэхүйц сургалтад хамрагдах боломжийг нээх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд,
Төрийн албан хаагчийг сургаж, хөгжүүлэхийг хэн ч эсэргүүцэхгүй. Харин төрийн албан хаагчийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх нэрийн дор түүний карьерын хаалгыг ганцхан сургуулийн гэрчилгээгээр онгойлгодог тогтолцоог хэзээ хүртэл хадгалах вэ?
Дөрвөн жил үндсэн мэргэжлээ эзэмшиж, магистр, докторын зэрэг хамгаалсан, салбартаа олон жил ажилласан хүнийг дахин дахин “чи заавал энэ сургалтад суусан байх ёстой” гэж нэг байгууллагын үүдэнд очруулсаар байх нь төрийн албаны мэргэшсэн тогтолцоо юу, эсхүл сургалтын монопол уу?
Төрийн албаны чадахуйн зарчим гэдэг нь нэг сургуулийн сертификаттай хүнийг бус, мэдлэг, ур чадвар, туршлага, ажлын үр дүнгээрээ илүү чадвартай хүнийг дэмжих зарчим байх ёстой.
Иймээс “Удирдлагын академийг хаах” тухай биш, харин төрийн албан хаагчийг нэг байгууллагаас хараат бус, өрсөлдөөнтэй, шударга, чанарт суурилсан сургалт хөгжлийн тогтолцоотой болгох тухай ярих цаг болсон байна.
Мэргэшүүлэх нэртэй монопол тогтолцоо нь Төрийн захиргааны дунд болон ахлах, эрхэлсэн шатны албан тушаалд сэлгэн ажиллах, зэрэг дэвших тухай яригдахад л ажлын байрны тодорхойлолтод "Удирдлагын академийн заавал суралцах багц сургалтад суусан байх" заалт гарч ирдэг. Нэг байгууллагад онцгой эрх мэдэл олгосон энэ тогтолцоо нь чөлөөт өрсөлдөөнийг боомилохоос гадна төрийн албан хаагчдыг зөвхөн нэг сургуулиас хамааралтай болгож орхижээ.
Сар хагасын цалинтай тэнцэх төлбөр ба цаасан дээрх "Нийгмийн баталгаа"-г нь Засгийн газраас "Хэмнэлтийн горим" нэрээр төрийн албан хаагчдын сурч хөгжих, мэргэших төсвийг бүрэн хаасан. Хуулиараа бол төрийн албан хаагчийн сурч хөгжих асуудал нь тэдний "Нийгмийн баталгаа"-ны нэг хэсэг байх ёстой. Гэтэл бодит байдал дээр:
- Цалин ба төлбөрийн зөрүү: Төрийн захиргааны жирийн албан хаагчийн дундаж цалин 1.5 сая орчим төгрөг. Гэтэл Удирдлагын академийн сургалтуудын төлбөр огцом нэмэгдэж, сар хагасын цалинтай нь тэнцэх хэмжээнд очив.
- Ачаалал: Өдөр тутмын ажлаа хийхийн хажуугаар, өөрийн болон гэр бүлийнхээ хоолны мөнгийг танан байж "ажлын байраа барьж үлдэхийн тулд" өөрөөсөө мөнгө төлж суралцахаас өөр сонголтгүй байна.
Дарга нарын "бэлэг" ба арын хаалганы квот Байгууллагуудад жилд цөөн хэдэн суралцах "квот" ирдэг ч тэр нь хэзээ ч эзэндээ очдоггүй гэх гомдол тасрахгүй байна. Дарга, менежерүүд ирсэн квотыг өөрсдийн ойр дотны хүмүүс, "дагуулууддаа" хуваарилан өгч, арын хаалгаар сургадаг. Зүй нь хууль журмын дагуу сурч, мэдлэгээ дээшлүүлж, тушаал дэвших ёстой жирийн мэргэжилтнүүд квот ч үгүй, хувиараа төлөх мөнгө ч үгүйгээс болон нэг албан тушаалдаа олон жилээр "хадаастай" үлдэж байна.
Төрийн албан хаагчид юу хэлэв?
"Төрийн захиргааны мэргэжилтэн Б": "Би салбартаа 6 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Өөр байгууллагад цалин өндөр албан тушаалд шилжин ажиллах, эсхүл сонгон шалгаруулалтад орох гэтэл ажлын байрны тодорхойлолт дээр Удирдлагын академийн заавал суралцах багц сургалтад суусан байх ёстой гэдэг шаардлага тулчихсан. Байгууллагын төсвөөр сургах квот жилд 1-2 л ирдэг, тэрийг нь дарга нар өөрсдийнхөө ойрын хүмүүст өгчихдөг. Хувиараа сурья гэхээр 1.7 сая төгрөгийн цалинтай хүн яаж сар хагасынхаа цалинг зүгээр нэг цаастай болохын тулд тушаах юм бэ? Засгийн газар хэмнэлт нэрээр сургалтын мөнгийг хаачихсан мөртлөө шаардлагаа тавихаа болихгүй юм."
"Яамны мэргэжилтэн М": "Өөр агентлаг руу сэлгэн ажиллахаар яригдахад хамгийн эхэнд академийн мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээ байхгүй. Мэргэжлээрээ магистр хамгаалсан, ажлын туршлагатай байх нь огт хамаагүй. Заавал Удирдлагын академи гэж ганцхан байгууллагыг хуульчилж өгсөн нь өөрөө монопол бөгөөд асар том шахаа. Энэ заалтыг Төрийн албаны тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтоос нэн даруй авч хаяхгүй бол жирийн залууст өсөн дэвжих ямар ч боломж алга."
Ямар гарц шийдэл хэрэгтэй вэ?
- Тодорхойлолтоос хасах: Төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, Төрийн албаны тухай хуулиас "Удирдлагын академи" гэх ганц сургуулийг тусгасан монопол багц сургалтын заалтыг авч хаях.
- ТӨСВИЙГ НЭЭХ ЭСВЭЛ СУРГАЛТЫН НӨХЦӨЛИЙГ ӨӨРЧЛӨХ: Төр өөрөө сургах төсөвгүй болсон бол албан хаагчдаас заавал суралцсан байхыг шаардах ёс зүйгүй дарамтаа зогсоох.