Төрийн албаны хүний нөөцийн бодлого, шалгуур шаардлагыг эргэн харах цаг болсон
Монгол Мэдээ

Төрийн албанд ажиллана гэдэг өнөөдөр энгийн нэгэн ажилд орохтой адилгүй болжээ. Төрийн захиргааны албан хаагч болохын тулд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцэх, тухайн албан тушаалын мэргэжил, боловсролын түвшин, мэргэжлийн индекс зэрэг олон шалгуур шаардлагыг хангах ёстой. Энэ бүхнийг давж, тухайн албан тушаалд томилогдсон хүн төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх хариуцлагатай үүргийг хүлээнэ.

Гэтэл нөгөө талд нь төрийн захиргааны мэргэжилтний цалин хөлс ямар байгаа билээ? Хариуцлага, ажлын ачаалал, тавигдаж буй шаардлагатайгаа харьцуулахад төрийн албан хаагчийн авч байгаа цалин хангалттай хэмжээнд хүрдэггүй. Тэрхүү цалингаас татвар, нийгмийн даатгал болон бусад суутгал хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, олон шат дамжлага бүхий шалгалт, сонгон шалгаруулалтад орж, өндөр хариуцлага хүлээж ажилласныхаа төлөө авч буй бодит орлого нь хөдөлмөрийн ачаалал, хариуцлагатайгаа харьцуулахад хангалтгүй байна.

Ийм нөхцөлд мэдлэг, чадвартай, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжтой залуус яагаад төрийн албыг сонгох ёстой вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.

Ялангуяа алслагдсан сум, орон нутагт энэ асуудал бүр хурцаар тавигдаж байна. Зарим суманд төрийн захиргааны тодорхой албан тушаал олон жилээр нөхөгдөхгүй, сул орон тоотой хэвээр байна. Нөгөө талд тухайн сум, орон нутагт ажилгүй, ажил хийх хүсэлтэй залуус олон байна.

Тэгвэл бид бодит нөхцөл байдлаа харж, төрийн албаны хүний нөөцийн бодлогоо уян хатан болгох цаг болсон юм биш үү?

Сум, орон нутгийн төрийн байгууллагад ажиллах хүний нөөцийг зөвхөн диплом, бакалаврын боловсролын шаардлагаар хязгаарлах бус, тухайн ажлыг хийх мэдлэг, ур чадвар, хариуцлага, ёс зүй, ажиллах хүсэл эрмэлзлийг бодитоор үнэлдэг тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Ялангуяа олон жил нөхөгдөөгүй, мэргэжлийн нарийн ур чадвар шаардахгүй зарим төрийн үйлчилгээний албан тушаалд политехник коллеж, мэргэжлийн боловсролын байгууллага төгссөн, тухайн орон нутагтаа ажиллах хүсэлтэй, чадвартай иргэдийг сонгон ажиллуулах боломжийг нээж өгөх нь зүйтэй.

Бакалаврын дипломтой байх нь тухайн хүн заавал ажлаа сайн хийж чадна гэсэн баталгаа биш. Үүний нэгэн адил мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүн төрийн байгууллагад ажиллах чадваргүй гэсэн үг огт биш.

Төрийн үйлчилгээний хамгийн анхан шатанд иргэдтэй шууд харилцаж, тэдний асуудлыг шийдвэрлэж, төрийн бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлдэг хүн хамгийн түрүүнд хэрэгтэй байна. Хэрэв тухайн орон нутагт ажиллах хүн байхгүй бол хуулийн шаардлагыг хэчнээн өндөр түвшинд тогтоосон ч төрийн үйлчилгээ иргэнд хүрэхгүй.

Хүнгүй явдаг ажил гэж үгүй. Харин хүнийг ажилд авах боломжийг хэт нарийсгасан тогтолцоо байж болно.

Тиймээс төрийн албаны хүний нөөцийн бодлогыг зөвхөн “ямар дипломтой вэ?” гэдгээр бус “ямар ажлыг хийж чадах вэ, ямар хариуцлага хүлээх вэ, тухайн орон нутагт ажиллах хүсэлтэй юу?” гэдэг бодит шалгуураар үнэлдэг болгох шаардлагатай.

Нөгөө нэг анхаарах ёстой асуудал нь төрийн албан хаагчдын сургалт, мэргэшлийн тогтолцоо юм.

Өнөөдөр төрийн албан хаагч албан тушаал ахих, карьерын хувьд өсөн дэвшихийн тулд тодорхой сургалтуудад хамрагдах шаардлага тавигддаг. Төрийн албан хаагчийг мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, мэргэшихэд нь дэмжих сургалт байх нь зөв. Гэхдээ сургалт нь төрийн албан хаагчийг хөгжүүлэх хэрэгсэл болохоос албан тушаал ахихын өмнө заавал давж гарах хаалт, дарамт болж болохгүй.

Удирдлагын академийн дунд, ахлах, эрхэлсэн түшмэлийн сургалтыг албан тушаалын тодорхойлолтод хэт хатуу байдлаар холбож, уг сургалтад хамрагдаагүй бол карьерын өсөлт, албан тушаал ахих боломж нь хаагддаг тогтолцоо нь төрийн албан хаагчдад бодит дарамт болж байна гэсэн шүүмжлэл гарсаар байна.

Ялангуяа сургалтад хамрагдах боломж нь хязгаарлагдмал, квоттой, сонгон шалгаруулалт нь тодорхой бус мэт харагддаг нөхцөл байдал үүсвэл төрийн албан хаагчдад “чадвараараа бус, танил тал, арын хаалгаар боломж олддог” гэсэн ойлголт төрөх нь аргагүй.

Төрийн албан хаагчийн карьерын өсөлт хэдхэн хүний хүртээмжид байдаг сургалтын квотоос хамаардаг биш, ажлын гүйцэтгэл, мэдлэг, ур чадвар, ёс зүй, туршлага, бодит үр дүнгээр тодорхойлогддог байх ёстой.

Иймд төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар төрийн албан хаагчийн сургалт, мэргэшлийн тогтолцоог бүхэлд нь эргэн харж, заавал хамрагдах сургалтыг бодит хэрэгцээтэй нь уялдуулах, сургалтад хамрагдах боломжийг тэгш, ил тод болгох, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Төрийн албан хаагчдыг тасралтгүй сургаж, хөгжүүлэх нь зөв. Гэхдээ сургалт нь төрийн албан хаагчийг хөгжүүлэх ёстой болохоос төрийн албан хаагчийн дээр дарамт болж суух ёсгүй.

Мөн төрийн албанд тавигдах шалгуур шаардлагыг бүхэлд нь нэг стандартаар хэмжих бус, тухайн албан тушаалын онцлог, ажлын цар хүрээ, хариуцлага, орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулах хэрэгтэй.

Хот, нийслэлд боловсон хүчний сонголт харьцангуй өргөн байхад алслагдсан суманд нэг ажлын байрыг олон жилээр нөхөж чадахгүй байгаа бодит нөхцөл байдлыг үл тоож, ижил шалгуур, ижил шаардлага тавьсаар байх нь төрийн үйлчилгээний хүртээмжид сөргөөр нөлөөлж байна.

Төрийн алба бол иргэнд үйлчлэхийн төлөө оршин байдаг болохоос өөрөө өөрийгөө хүнд сурталтай болгож, иргэдэд хүрэх хүний нөөцөө багасгахын төлөө байдаг тогтолцоо биш.

Иймээс:

  1. Алслагдсан сум, орон нутагт олон жил нөхөгдөөгүй төрийн албан тушаалын шалгуур шаардлагыг бодит нөхцөлтэй уялдуулан уян хатан болгох;
  2. Тодорхой төрлийн албан тушаалд бакалаврын боловсролыг заавал шаарддаг тогтолцоог эргэн харж, мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэдийг ажиллуулах боломжийг нэмэгдүүлэх;
  3. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын ачаалал, хариуцлага, амьдралын өртөгтэй уялдуулан бодитоор нэмэгдүүлэх;
  4. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын тогтолцоог илүү хүртээмжтэй, бодит ур чадварыг үнэлдэг чиглэлд шинэчлэх;
  5. Төрийн албан хаагчийн карьерын өсөлтийг зөвхөн тодорхой сургалтад хамрагдсан эсэхээр бус ажлын гүйцэтгэл, мэдлэг, ур чадвар, туршлагаар үнэлдэг болох;
  6. Удирдлагын Академийн сургалтын хүртээмж, сонгон шалгаруулалт, квотын тогтолцоог ил тод болгож, бүх төрийн албан хаагчдад тэгш боломж олгох, эсхүл төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтоос эдгээр сургалтуудыг хасах.
  7. Төрийн албан хаагчийг хөгжүүлэх сургалтыг дарамт биш, бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжлийн механизм болгох;
  8. Сум, орон нутгийн төрийн байгууллагын хүний нөөцийн хомсдлыг тусгайлан авч үзсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Төрийн албаны чанарыг сайжруулахын тулд заавал шалгуур шаардлагыг улам нэмэгдүүлэх албагүй. Харин зөв хүнийг зөв ажилд нь томилж, ажиллах нөхцөл, цалин хөлс, хөгжих боломжийг нь бүрдүүлж, ажлын үр дүнгээр нь үнэлдэг тогтолцоо хэрэгтэй.

Өнөөдөр төрийн албанд хүн олдохгүй байна гэж ярихаасаа өмнө яагаад хүн ажиллахыг хүсэхгүй байна вэ, яагаад алслагдсан суманд сул орон тоо олон жил нөхөгдөхгүй байна вэ, яагаад ажил хийх хүсэлтэй залуус байхад төрийн байгууллага хүний нөөцгүй байна вэ гэдгээ бодитоор харах цаг болсон.

Төрийн албыг иргэдээс улам холдуулах биш, иргэдэд улам ойртуулахын тулд хууль, журам, шалгуур шаардлагаа амьдралын бодит нөхцөлтэй нийцүүлэх цаг нэгэнт болжээ.

Төрийн албаны гол зорилго нь шалгалтад хамгийн олон хүн унагаах биш, төрийн ажлыг хамгийн сайн хийх чадвартай хүнийг олж ажиллуулах явдал байх ёстой.

Тиймээс төрийн албаны хүний нөөцийн бодлогод бодит шинэчлэл хийж, төрийн албан хаагчдыг хүнд сурталтай шалгуур, сургалт, квотоор дарамталдаг бус, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээр нь үнэлж, хөгжүүлдэг тогтолцоог бий болгох цаг болжээ.

мэдээ таалагдсан бол лайк дараарай