
УИХ-ын ээлжит хуралдаан болж, “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн байдал”-ын талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар байр сууриа илэрхийлэв.
Тус хуулийн төслийг 2025 оны 5 дугаар сарын 16-нд УИХ-аар баталж, хэрэгжилттэй холбоотой журмыг Монголбанк боловсруулан 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан. Үүний дагуу “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” 2025 оны 9 дүгээр сарын 10-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ.
Гэвч хуулийн хэрэгжилтийн явцад иргэдийн дунд “хар жагсаалт”-тай холбоотой гомдол, санал ихээр гарч буйг УИХ-ын гишүүн Э.Батшугар анхааруулав. Тэрбээр хэлэхдээ:“Хар жагсаалт энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн боловч ард иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна. Нийт 1.2 сая иргэний 4.8 сая өгөгдлийг боловсруулахад алдаа гарч байна. Монголбанк тусгай зөвшөөрөл олгодог байгууллага. Тэгэхээр хаана нь алдаа байна, яагаад олон улсын жишгээр явахгүй байгааг яаралтай шалгах шаардлагатай” хэмээн тэмдэглэв.
Мөн тэрбээр тэтгэврийн зээлийн асуудалд анхаарах шаардлагатайг онцолж, “олон улсын жишиг”-ийг бус, “Монголын хөрсөнд нийцсэн бодит шийдэл” хэрэгтэйг дурдав. “Тэтгэврийн зээлийн асуудлаар ахмадууд бухимдалтай байна. Монголбанк, банкнууд, банкны холбоо нийгмийн даатгалтай хамтран тодорхой хэмжээний дээд хязгаар тогтоох, эсвэл ипотекийн зээл шиг 1–2 хувийн ашгаар нөхөгддөг шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах хэрэгтэй. Амьдрал баян, гэхдээ Монгол тийм баян улс биш. Тиймээс бодит нөхцөлд нийцсэн шийдэл гаргах шаардлагатай” гэж онцоллоо.