
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-д өчигдөр албан ёсоор хүргүүллээ. Үндсэн хуулийн дагуу ийм санал ирснээс хойш гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх ёстой тул баасан гарагийн чуулганаар уг асуудлыг зайлшгүй хэлэлцэж эхэлнэ. Харин санал хураалтыг яг тэр өдөрт нь явуулах уу, эсвэл түр хойшлуулах уу гэдэг нь анхаарал татаж байна.
Үндсэн хуулийн дагуу УИХ уг асуудлыг 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ хугацаанд Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа нэг мөр тодорхой болно.
Санал хураалтад УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 126 гишүүний 50+1 хувь болох 64 гишүүн дэмжвэл Ерөнхий сайд огцорсонд тооцно. Харин дэмжихгүй бол Засгийн газар хэвийн ажилласаар байх юм.
Одоогийн нөхцөлд АН-ын гишүүдийн байр суурь шийдвэрийн гол жин болох төлөвтэй байна. 68 суудалтай МАН дотроо хуваагдсан энэ үед 42 гишүүнтэй АН-ын дэмжлэг, эсвэл эсэргүүцэл бүх зүйлд нөлөөлнө. Гэхдээ АН-ын бүлэг одоогоор нэгдсэн шийдвэрээ гаргаагүй байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан АН-ын зарим гишүүд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжих магадлал өндөр байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. Тэдний зарим нь байр сууриа ил тод илэрхийлсэн бол, зарим нь бүлгийн шийдвэрийг хүлээж байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын 70 гаруй гишүүний гарын үсэг бүхий, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах шаардлага бүхий бичиг парламентын спикерт хүрсэн байна. Хуулийн шууд зохицуулалтгүй ч уг бичгийг ёс зүйн чанартай улс төрийн шаардлага гэж үзэж болох юм.