
Улаанбаатар хот — Улсын Их Хурал хуралдаж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намын удирдлагууд байр сууриа илэрхийллээ. АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Да.Ганболд (Цогтбаатар), АН-ын ҮБХ-ны гишүүн Г.Баярсайхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
О.Цогтгэрэл: Чуулганы хуралдаан хуралдахгүй байгааг АН-тай холбох нь буруу
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдэгдэлдээ, “Чуулган хуралдахгүй байгаа нь УИХ-ын дотоод зохион байгуулалтын асуудал. АН бүлэг завсарлага аваагүй, Баасан гаригийн хуралдаанд ирсэн. Бид намын шийдвэрүүдээ баримталж байгаа” гэв.
Тэрээр эрх баригч МАН-ыг хурцаар шүүмжилж, “Олон жил ‘мөрийн хөтөлбөр’ нэрээр ард түмнийг хуурсан. Ажил хийж байна гэж ярьж байхдаа хулгай хийж явсны гороор төрийн хямрал үүсээд байна” хэмээв. Мөн МАН-ыг “улсын эрх ашгийг бодохгүй байгаа” хэмээн буруутгасан.
Да.Ганболд: Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал
УИХ-ын гишүүн Да.Ганболд (Цогтбаатар) “МАН өөрсдийн олонхоор Засгийн газраа байгуулсан. Хэрэв Засгаа буулгах эсэх нь тэдний шийдэх асуудал. Бид ороод ирвэл хууль, зарчмын дагуу санал өгнө” гэлээ.
Тэрбээр “Засгийн газар тогтворгүй байвал хий улстөржилт ард иргэдийн амьдралыг хойш татна” хэмээн анхааруулж, “Би огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Улс төрийг хөөсрүүлж, баримт нотолгоогүй ярьж болохгүй” гэдгийг онцолсон.
Г.Баярсайхан: АН сөрөг хүчний байр сууриа хатуу баримтална
АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан “Монгол Улсын улс төрийн хариуцлага МАН-д оногдоно. Тэд олонх, өөрсдөө хариуцлагаа үүрэх ёстой” гэв.
Тэрбээр АН-ын хувьд “засгийн эрхэд хамтарч орох ямар ч боломжгүй” гэдгийг онцолж, “Ардчилсан нам шударга ёсны төлөө дуугарч байна. Хууль бус гэрээнүүд, нүүрсний хулгайн асуудлыг шүүмжилж байна” хэмээв.
Тэрчлэн, Ардчилсан намыг чуулган гацаасан гэх яриаг үгүйсгэж, “Энэ бол МАН дотоод зодооныгоо шийдэж чадахгүй байгаагийн үр дүн. Төр хэзээ нэгэн цагт үнэн нүүрээ илчилнэ. Хууль бус үйлдлүүд ил болохоос эмээж байна” гэж мэдэгдлээ.