Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хууль зөрчсөн үү
Монгол Мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбоотой мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ: “Монгол Улсын Ерөнхий сайд нь Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр томилох, чөлөөлөх, огцруулах онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Танхимаа өөрөө бүрдүүлэх энэ бүрэн эрх нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулгын нэг. Өнөөдрийн Ерөнхий сайдын мэдэгдэл ч уг бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн бөгөөд албажуулах үйл явц Үндсэн хууль болон холбогдох хуулийн дагуу үргэлжилнэ” гэв.

Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг уг мэдэгдлийг шүүмжилж, Үндсэн хуулийн зөрчил үүссэн гэж үзлээ. Тэрбээр: “Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилох, чөлөөлөх, огцруулахдаа Ерөнхийлөгчид болон УИХ-д танилцуулдаг. Мөн Засгийн газрын гишүүн УИХ-ын өмнө тангараг өргөснөөр бүрэн эрх үүсдэг. Өнөөдрийн Ерөнхий сайдын мэдэгдэл энэ заалтыг зөрчсөн. Жишээлбэл, Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-ийн сайдаар томилогдож тангараг өргөөгүй тул бүрэн эрх нь үүсээгүй. Иймд одоогоор Л.Мөнхбаатар сайдын бүрэн эрх хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзэх ёстой. Үндсэн хуулийг ягштал мөрдөж, төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагаа Үндсэн хуультай нийцсэн байх нь ардчилал, хууль ёсны баталгаа юм. Үүнийг гажуудуулж болохгүй” хэмээн мэдэгдэв.

Ийнхүү Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа эрх зүйн маргаан үүсч, Үндсэн хуулийн заалтын тайлбар болон хэрэгжилтийн асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

мэдээ таалагдсан бол лайк дараарай