
Нийтийн тээврээр зорчих иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон U money карт-ыг цэнэглэх цэгүүдийн тоо болон байршил хангалтгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байна.
Өглөө, орой ажил, сургууль руугаа явахдаа карт цэнэглэх газар хайж цаг алдах, урт дараалалд зогсох, зарим тохиолдолд бэлэн мөнгө байхгүйгээс автобусанд сууж чадахгүй асуудал гарч буй.
Иргэдийн хэлж буйгаар:
-
Цэнэглэх цэгүүд төв зам дагуу болон худалдааны төвүүдэд төвлөрсөн,
-
Харин захын дүүрэг, гэр хороололд бараг байхгүй,
-
Онлайн аппликейшнээр цэнэглэх боломж нь банкны шимтгэл өндөр, заримдаа систем доголддог гэх хүндрэл гарч байна.
Тухайлбал, Баянхошуу, Толгойт, Шархад зэрэг хүн амын нягтаршил ихтэй бүсэд U money картын цэг ховор тул иргэд хотын төв рүү зорчиж байж карт цэнэглэхээс аргагүйд хүрч байна.
Иргэдийн сэтгэгдлээс:
-
“Өглөө бүр хүүхдээ сургуульд хүргэхдээ карт цэнэглэх газар хайж сандардаг. Хороондоо цэгтэй бол үнэхээр амар байхсан” гэж Нарангийн голын оршин суугч хэлэв.
-
“Хотын төвийн супермаркетуудад бол зөндөө байдаг, харин гэр хороололд бол бараг олддоггүй. Заримдаа автобусанд суугаад жолоочид тайлбарлахаас өөр аргагүй болдог” хэмээн нэгэн иргэн ярилаа.
Хотын удирдлагууд өмнө нь U money картын цэнэглэх цэгийг өргөжүүлнэ гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл бодитой ахиц харагдахгүй байна. Хичээлийн шинэ жил эхэлж, нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж буй энэ үед асуудал улам хурцдаж байна.
Иргэдийн зүгээс супермаркет, дэлгүүр, банкны салбар, цахим платформ-оор дамжуулан картыг хаанаас ч хурдан, хялбар цэнэглэх боломжийг бий болгохыг шаардаж байна.