
Магадгүй та, Монголчууд өмнө нь Хятадуудын дарлалд байсан хэзээ нэг цагт Хятадууд үүнийгээ сануулаад томорвол 1900 оны дунд үед дундад иргэн улс гэж бараг байхгүй болж Наньжин нийслэлээ алдаж Японы эзэмшилд шилжиж байхад чинь Монголын арми орж булаан эзлэгч нараас чинь чөлөөлж өгч байсан түүхтэй юм.
Монголчууд биш харин та нар бидэнд өртэй гэдгийн сануулж хэлж байгаарай. Энэ чөлөөлөх дайны дараах жилүүдэд одоогийн Хятадын коммунист нам Хятадын төрийн эрхээ авч Монголчуудын тусгаар тогтносон улс болох зорилгод хэл үгүй буулт хийсэн байдаг өөр яах ч билээ дээ.
Нэг үгээр дэлхийн 2-р дайнд оролцсон гавьяа шагналаараа Монголчууд ялалтын бялуунаас хүртэн эрх чөлөөгөө олж авсан болохоос Оросоос, Хятадаас гуйж аваагүй юмаа гэдгийг ойлгох цаг болсон. Зөвлөлт холбоот улс сайн нөхрийн хувиар тусалж, татаж, чиглүүлж явсан боловч эцэг өвгөдийн сийрэг ухаан энэ харгуй жимээр биднийг тусгаар улс болгоод үлдээх алсын хараатай байж.
Жанчхүүгийн давааны тулалдааны ойд зориулав.
Монгол цэрэг чөлөөлөх дайнд идэшний үхэр тууж, ердийн хөсөг хөтөлж оролцоогүйг батлах ийм нэгэн баримт буй...
Монголын хилээс 560 км алслагдсан Жанчхүүгийн даваанд япончууд 50 мянга шахуу хятад иргэний хөлс цусаар 36 км урт, 11 км өргөн бэхлэлт байгуулж түүнийгээ “давагдашгүй цайз” хэмээн бардаж байв. Ингэхээс ч аргагүй байлаа.
Уг бэхлэлт нь олон тооны бэхэлгээт байр, их буу, пулёметын нууц галын цэг бүхий, тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн цэргийн хориглолтын техник хэрэгсэл, системээр өвч тоноглогдсон газар доогуур харилцах суваг, цэргийн байр, сум хэрэгслийн агуулахтай байсан юм.
Энэхүү хамгаалалтаа улам бүр төгс болгож, явган цэрэг хориглох хоёр давхар утсан тор, танк эсэргүүцэх өргөн гүн шуудуугаар тойруулж, орж болох гарц, тойрч болох жим бүрийг минажуулжээ.
Жанчхүүгийн даваа нь хойт талдаа Чуулалт хаалга орох төв замыг халхалсан японы армийн хувьд гол түшиц газар нь байсан юм. Жанчхүүгийн давагдашгүй цайзыг давах үүрэг оросын 27-р мото буудлагын бригад, Монголын ардын цэргийн 7-р мото механикжуулсан хуягт бригадад оногджээ.
Тэр дундаа олон тооны цуст зангаар өвч тоноглогдсон бэхлэлтийг танин мэдэх, туршин байлдах үүрэг хурандаа Нянтайсүрэнгийн Монгол цэргүүдэд ирсэн юм.
Олон мянган хятад хүний цус хөлсийг арваад жил асгаруулж барьсан тэр цайзын талаар хамтарсан цэргийн хүчин бараг ямар ч мэдээлэлгүй байсан гэдэг.
Япончууд бэхлэлтийн зурвас руу нэвтрэх ганц гүүрийг Монгол-Зөвлөлтийн цэрэг дамжин орсны дараа дэлбэлж, хоёр орны цэргийг мухар шуудайд хийж устгах төлөвлөгөөтэй байсан нь хожим тодорхой болжээ.
Эндээс харахад Монгол цэргүүд зайлшгүй үхэл рүү орсон байдаг. Гэвч тэд үнэхээр гарамгай тулалдаж, оногдсон байлдааны даалгавраа нэр төртэй биелүүлсэн билээ.
Монгол цэргийн байлдааны амжилтын үр дүнд бэхлэлтийн галын цэг, зохион байгуулалт Зөвлөлт-Монголын цэргийн өмнө ил болсон юм...
Миномет салааны байлдагч Д. Данзанваанчиг, байлдагч Д. Цэрэндорж нар дайсны хүнд пулёметын 2, хөнгөн пулёметийн 3 цэгийг сөнөөжээ.
Д. Данзанваанчиг хүнд шархадсан ч үргэлжлүүлэн тулалдсаар байсан гэдэг. Ахлагч Дүүдэйн салаа манлайлан давшиж, дайсны хориглолтыг хамгийн түрүүнд сэтэлсэн бөгөөд пулёметийн галын цэг 10 гаруйг устгасан юм. Тулалдааны үеэр тус салааны байлдагч-хөнгөн пулёметчин Л. Аюуш урагш давшин байлдаж, хүнд шарх дараалан авч байсан боловч алхам ч ухралгүй тулалдсаар амь үрэгджээ.
Түүний сум дуусахад пулёметны гол төмрөө салган авч гардан тулалдсан байсныг нүдээрээ харсан дайчид дурсдаг. Тэрбээр 11 шархдаж, сүүлчийн дусал цусаа ч эх орныхоо төлөө өргөсөн юм.
Дэлхийн дайныг туулж, хатан зориг, хатуу ширүүнийг ханатал үзсэн орос цэргүүд ч Л. Аюушийг бахдан, толгой сэгсэрч байсан гэдэг.
Холбооны тасгийн ахлах түрүүч Жанчив дайсны галын дор үүргээ гүйцэтгэж явахдаа хүнд шархадсан учир холбооны тасарсан хоёр үзүүрийг нийлүүлэн шүдэндээ зууж, холбоог сэргээгээд нас баржээ.
Япончуудын давагдашгүй цайзыг эзлэх гурван өдрийн ширүүн тулалдаанд Монголчууд эр зоригийн үлгэр жишээг ханатал харуулсан байдаг...
Монголын эр зоригтнуудын түүхийг бүдгэрүүлж, бахархалгүй болгох нь хэнд ашигтай вэ?
Бахархалгүй ард түмэн алгуур сул дорой хүмүүсийн бөөгнөрөл болж хувирдаг. Тийм ч учраас гадны улсууд өмнөх түүх нь буурай дорой байсан ч уран сайхнаар хэлбэржүүлэн үндэсний бахархалаа өөрсдөө зохиодог, бий болгодог.
Томын дэргэд жижиг атлаа аугаа харагдахын төлөөнөө худлаа ярьж, үнэнийг өөрсдөөрөө төсөөлүүлэх гэсэн атгаг жаахан хүсэл чинь ард түмнийг бахархах түүхгүй, даган дуурайх эх орончгүй болгож байна. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
Л.Срона. 2014. 08.21